Имэйл хаяг *
Нууц үг *
Намайг сана
Нэвтрэх
Таны хувийн мэдээлэл дараах нөхцөлд ашиглагдана: privacy policy.
Бүртгүүлэх
Тамхинаас гарах амаргүй. Иймд тамхинаас гарах шалтгаанаа тодорхойлж, шийдвэр гарга. Зорилгоо тодорхойлох нь үйл явцыг хялбаршуулна. Өмнө нь тамхинаас гарахаар бүтэлгүйтэж байсан ч зүрхшээх хэрэггүй. Оролдлого нэмэгдэх тусам амжилтад хүрэх магадлал өснө. Магадгүй өмнөх удаад та бэлэн биш байсан ч юм билүү.
Тамхидалт нь зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэлзүйн донтолт юм. Яагаад хүн тамхи татдаг вэ? Хэцүүхэн өдрийн дараах амралт эсвэл Ганцаараа бодолдоо умбах алтан боломж уу? Ихэнх хүн тамхийг согтууруулах ундаатай адил зорилгоор хэрэглэдэг. Тамхи бол зугталт, өөртөө өгөх шагнал, амралт юм. Иймд тамхи татахыг илүү ихээр хүсдэг үеэ тодорхойлж, тэр үед хэрхэх талаар төлөвлөгөө боловсруул. Жишээлбэл, доорх мөчүүдэд тамхи татах хүсэл ихээр төрдөг:
Хэрэв та өглөө кофе уухдаа тамхи татаж дадсан бол эхний кофегоо тамхи татах боломжгүй үед, жишээлбэл ажлын өрөөндөө ууж дад. Хоолны дараа тамхи татах хүсэл төрвөл гадаа гарч алх эсвэл шүдээ угаа, ямар нэг өөр дадал суулга. Тамхинаас гарахаар оролдож байгаа үед өөрийгөө аль болох завгүй болгох нь зүйтэй.
Гэтэл бууж өгөөд, ганц янжуур татчихвал яах вэ? Тэглээ гээд таны оролдлого бүтэлгүйтсэн гэсэн үг биш. Туршлагаасаа суралц. Дараагийн удаад юунд анхаарах вэ гэдгээ оношил. Хамгийн гол нь зорилгоо мартаж болохгүй.
Тамхинаас гарахаар оролдож эхлэхэд таны ам ямар нэгэн зүйл нэхэж эхэлдэг. Иймд бохь, түүхий ногоо, кофены үр гэх мэтийн зүйлс байнга биедээ авч яв. Хэрэв та никотин орлуулагч болон бусад төрлийн эм бэлдмэл хэрэглэхээр сонирхож буй бол юун түрүүнд мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
Хэдний өдрөөс хойш хаях вэ гэдгээ сонго. Тэр хүртэл сэтгэл санаагаа бэлдэж, зорилгодоо төвлөр. Тамхийг хаяснаас хойших өдөр хоногоо тоол. Энэ нь таныг олон өдрийн хичээл зүтгэлээ ганцхан хоромд баллахгүй байх хүчийг өгнө.
Танд тусламж дэмжлэг ямагт хэрэг болно. Эргэн тойрны хүмүүстээ төлөвлөгөө болон хэрхэн тэд тусалж чадахыг нь хэлж өг. Найзууд тань таныг тамхилах үедээ дуудахаа больж болно.
Хүмүүс, газар орон, эд зүйлс тамхи татах хүсэл төрүүлж байдаг. Чүдэнз, асаагуур, үнсний саваа гаргаж хая. Гэр, машин, ажлын өрөөгөө цэвэрлэж, тамхины үнэрийг нь гарга. Үнэр тамхи татах хүсэл төрүүлдэг нэг гол хүчин зүйл билээ.
Таны амжилт эхний хоёр долоо хоногоос шалтгаална. Иймд эдгээр өдрүүдэд улам илүү тэвчээр гаргах ёстой. Анхаарлаа өөр зүйлд төвлөрүүл, завгүй бай. Дарамтад орох орчин нөхцөлөөс хол байж, хөгжиж цэнгэх гэж хичээ. Спортоор хичээллэ, дугуй уна, найзуудтайгаа уулз, кино үз. Гараа аль болох завгүй байлга. Зарим хүмүүс үзэг, соруул хэрэглэдэг. Ус их уу. Аль болох их амарч, уртаар амьсгалах дасгал хий. Тамхичдаас аль болох хол бай. Таныг хэчнээн дэмжиж байгаа ч тамхичин найзууд тань танд тус болохоосоо ус болно. Үгүй, би тамхинаас гарч байгаа гэдэг үгийг хэлж занш.
Тамхи татах хүсэл 10-20 минут л үргэлжилдэг. Иймд эдгээр мөчүүдэд анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэх гэж хичээ. Өөртэйгөө ярилц. “Би тамхинаас хүчтэй, Би тамхинд бууж өгөхгүй. Ганцхан өдөр шүү дээ” гэж өөртөө хэл.
Тамхи ахиад хэзээ ч татахгүй гэж бодох хэрэггүй. Ганцхан өдөр л тэвчинэ гэж бод. Маргааш өглөө нь ч ахиад л ингэж бод. Учир нь ахиад хэзээ ч татахгүй гэх бодол тамхи татах хүсэл төрүүлдэг. Одоо цагт амьдар. Тамхинаас хэмнэж буй мөнгөө хадгалж, түүгээрээ өөрийгөө урамшуул. Ресторанд хоол ид эсвэл хувцас худалдан ав. Аялалд явсан ч болно. Тамхийг санагалзаж буй тухайгаа биш түүнийг хэрхэн ялж буй тухайгаа бод. Сайн унтаж амарч, эрүүл зөв хоолло. Чихэрлэг хүнс ба стресс тамхи татах хүсэл төрүүлдэг. Тамхинаас гарахын эрүүл мэнд, санхүүгийн ашиг тусын талаар бод. Ганцхан удаа гэж байдаггүйг өөртөө сануул.
Тамхи татах нь эрүүл мэндэд хортой, тамхи нь зөвхөн учирч болох эрсдлийг ухамсарласан насанд хүрэгчдэд зориулсан бүтээгдэхүүн байх ёстой.